B is Bale

B is Bale

• BAARDSEN Espen. 19 насандаа төрлөх Сан Францискогоо орхин Тоттенхэмийг зорьсон Янк хаалгач. Залуу хаалгач маань Спурс-д 4-н улирал тоглохдоо ердөө 27 тоглолтонд оролцсон юм. Гэхдээ түүний энэ 27-д үнэ цэнэтэй дурсамж үлдээсэн тоглолтууд хэд хэд бий. Дебютээ Энфилдэд Ливерпүүлийн эсрэг хийж хаалгаа хуурай манасан бол Хойд Лондоны дербид зочлон тоглолтонд мөн л хаалгаа хуурай манасан байдаг. Тэрээр 98-99 улирлын Лигийн цомд 3-н удаа гараанд гарч Цомын эзнээр тодорч байлаа гэх зэрэг дурсамжууд түүнтэй үлдсэн. 2000 онд Тоттенхэмээс явж Уатфордод 2 жил тоглоод Эвертонд шилжсэн байдаг. Эвертон дахь дебют тоглолтоо анхны мэргэжлийн клуб болох Тоттенхэмийн эсрэг хийж 4-н гоол алдан ялагдсан нь түүний замналын төгсгөл болж 25-н насандаа хөлбөмбөгөөс зодог тайлсан билээ. Одоо тэрээр Лондонд төвтэй ОУ-ын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгийн сан хариуцсан менежерээр ажиллаж буй.

• BALE Gareth. Гэгээнтэнүүдийн академиас гаралтай ч Тоттенхэм-д жинхэнэ гялалзаж од болсон Уэльс залуу. Тоттенхэм-д нийт 203 удаа тоглолт хийхдээ 55 гоол оруулсан авъяаслаг залуу маань Оны шилдэг тоглогч, УЕФА-ын билэгдэлийн баг, ПЛ-ын сарын шилдэг тоглогч, Мэргэжлийн тоглогчдын холбооны оны шилдэг тоглогч гэх зэрэг 21-н хувь тоглогчын шагнал хүртсэн нь түүний Спурс дэх замналыг илтгэнэ. 2013 оны зун Реал Мадрид клубрүү шилжихдээ тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж байсан гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Товчхондоо Спурсээс төрсөн хамгийн шилдэг тоглогчдын нэг гарцаагүй юм. Түүний талаарх дурсамж, тоглолтууд нь онцлохын аргагүй олон билээ. Хэзээ нэг өдөр дахин Спурсын өмсгөлөө өмсөхийг ч бид тааварлашгүй билээ.

• BARCHAM Andy. Тоттенхэмийн академиас төрөн гарсан жигүүр. Академи нөөцийн багтаа гоолын мангас байсан хүү үндсэн багтаа дэвшисэнээс хойш лигийн цомд ганцхан тоглолт хийгээд зээлээр явсаар 3-н жилийн дараа багаас хасагдсан юм. Нөөцийн баг үндсэн багийн ялгааг мэдэрсэн тоглогчдын жишээ болсон залуучуудын нэг юм. Одоо тэрээр Лиг Нэгийн Уймбледон клубт тоглож буй.

• BARNARD Lee. Мөн л академиас маань гарсан довтлогч залуу. Түүний замнал Вarcham-тай тун төстэй. Нөөцийн багтаа гоолын машин байсан хүү. Тэрээр 20-н тоглолтонд 19 гоол бүртгүүлж байлаа лигтээ. Үндсэн багтаа дэвшиж ороод ПЛ-т ердөө 3-н тоглолт хийсэн бөгөөд түүнийг гэмтэл бэртэл тойрохгүй байлаа. Үүнээсээ ч болж хэд хэдэн багт зээлээр явж формоо унагаасаар 2008 онд Сөүтэнд Юнайтед клубрүү явсан юм. Одоо тэрээр Английн хөлбөмбөгийн 8-р түвшиний лигийн Maldon & Tiptree клубт данстай явна.

• BASSONG Sebastian. Камеруун гаралтай ч Францад төрсөн тэндээ хөлбөмбөгийн боловсрол эзэмшисэн хамгаалагчдын нэг. Түүний түүх одоогийн бидний тоглогчдын нэгэнтэй тун гайхалтай төстэй. Францаас Ньюкасл-д, Ньюкаслдаа гялалзсан гэвч баг нь доош унасан. Харин тэрээд Спурс-д. Спурсдээ ирээд харин дүшшшш. Тэрээр Спурс нийт 71 тоглолт хийж 3-н гоол бүртгүүлсэн байдаг. Дундуур нь бас нэг удаа зээлээр явсан гэж байгаа. 2012 онд түүнийг Норвич клубрүү явуулсан юм. Сайнаасаа илүү сайр дурсамж нь Спурсын фанатуудад нь үлдсэн бизээ. Одоо тэрээр ажилгүй л явна.

• BEADLE Peter. Жиллинхэм клубээс 1992 онд Спурс-д 19 насандаа ирсэн довтлогч. Түүнийг авсан даруйдаа Борнемут клубт зээлээр өгсөн бөгөөд дараа жил нь Сөүтэнд Юнайтед клубт мөн зээлдсэн юм. Ингээд 1994 онд Уатфордод зарсанаар түүний Спурс дэх түүх дууссан юм. Сая сар гаруйн өмнө тэрээр Херфорд клубын менежерийн суудлаас халагдаад байна.

• BENT Darren. Тоттенхэмийн гэхээсээ илүү ПЛ-ын довтлогч гэхэд нээх буруудахгүй олон баг сэлгэсэн тоглогч. Түүнд зарим фанатууд тун дургүй байдаг. Энэ нь хүүхэд байхдаа Арсеналын дэмжигч байсан бүр улирлын тасалбар эзэмшигч гэр бүл байсан гэдэгтэй нь холбоотой. 2007 оны зун клубын рекорд наймаа болон Чарьлтон Атлетик клубээс нэгдэж байсан залуу довтлогч Спурсын төлөө 79 тоглолт хийж 25 гоол оруулсан юм. Түүний чанар нь хурд тэсрэлт байлаа. Өсвөр насандаа уртын харайлт, 100м-ын гүйлтээр хичээллэдэг байсантай нь холбоотой. 100-д 10.5 сек гүйдэг байсан гэдэг. Гэхдээ тэрээр энэ чанараа гаргаж Спурс байр сууриа баттай хадгалж чадаагүй билээ. Улмаар 2 улирал тоглоод 2009 онд Робби Кийн эргэн ирсэнээр багт орон зайгүй болж Сандерланд клубруу явсан билээ.

• BENTLEY David. Арсеналаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлж Блэкбурн клубт жинхэнэ гялалзаж яваад Спурстэй 2008 оны зун нэгдсэн жигүүр. Ирээдүйн Бекхэм хэмээн үнэлэгддэг байсан залуу өөрийнхөө замналыг Спурс-д ирсэнээсээ хойш өөрөө унагаасан түүхтэй. 5-н улирал тоглохдоо ердөө 62 тоглолтонд оролцож 4-н ч клубт зээлээр тоглож явсаар 2013 онд багаас хасагдсан билээ. Улмаар жил гаруй баггүй явж байгаад 29 насандаа 2014 онд зодог тайлж буйгаа зарласан юм. Одоо тэрбээр ажилгүй явна. Түүнийг 43-н ярдын зайнаас Арсеналд оруулсан гоолоор нь фанатууд дурсах буй за.

• BERBATOV Dimitar. Берба Берба Берба……. Түүний талаар дангаар нь бичихгүй бол дуусахгүй их юм болно биз. Болгар гайхамшиг маань Леверкузенээс 2006 оны зун нэгдэж 2 улирал тоглохдоо 102 тоглолтонд оролцож 46 гоол оруулсан билээ. Болгарын түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоч болж 10.9 саяаар ирсэн залуу маань эхний гоолоо оруулахад ердөө 2 дахь тоглолтоо л хүлээсэн юм. Тоттенхэмийн хамтаар Лигийн цомд түрүүлж, Оны шилдэг тоглогч болж ПЛ-ын сарын шилдэгийг 2-ч удаа авч, билэгдлийн XI-т багтаж явсан билээ. Англи хэлийг Загалмайлсан эцэг киног хэдэн зуу дахин давтаж үзсээр сурсан гэдэг шигээ дуртай спортдоо ч хүч биеэ дайчлан гайхалтай замналаа үлдээсэн билээ. Тэрээр клубээс явахдаа ч ирсэн үнээ 3 дахин нуглаж ашгаа үлдээгээд явсаныг бид мэднэ. Өнгөрсөн 3-р сард зодог тайлсан тэрбээр одоо хувийн амьдралдаа анхааран нам жим амьдарч буй.

• BERCHICHE Yuri. 17 насандаа нарлаг Испаниас Будант Альбионд газардсан хамгаалагч хүү үндсэн багт дэвшсэн ч харамсалтай нь нэг ч тоглолтонд оролцолгүй зээлээр явж байгаад нутаг буцсан билээ. Авъяаслаг хэмээн үнэлэгддэг байсан ч тэрээр хэмжээндээ хүртэл тоглож чадахгүй явсаар замналаа дуусгах дөхөж явна. Одоо тэрээр Атлетик Билбао-д данстай.

• BERGSSON Gudni. Исландын түүхэнд анхны ПЛ-т тоглосон тоглогч. 1988 онд Исландын Валур клубээс 100к-аар авч байсан хамгаалагч Спурсын төлөө 72 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан юм. Paul Gascoigne, Gary Mabbutt, Gary Lineker, Chris Waddle зэрэг шилдгүүдтэй зэрэгцэн тоглож байсан нь түүний бахархал хэмээн ярьдаг. 1995 онд Болтон клубрүү зарагдсан бөгөөд тэндээ зодог тайлталаа тоглосон түүхтэй. Одоо тэрбээр Исландын хөлбөмбөгийн холбоог удирдаж байгаа.

• BERNARD Naranda. 1997 онд Спурсын академид элсэн хөлбөмбөгч болсон бөгөөд шууд Тоттенхэмээс Арсеналруу явсан маш цөөхөн тоглогчдын нэг гэдэгээр нь хуучны фанатууд л мэдэх бизээ. Өөрөөр түүнд дурсаад байх зүйл байхгүй.

• BERTI Nicola. 1998 оны өвлийн цонхоор Тоттенхэм клубт үнэгүй нэгдэж байсан Итали залуу 97-98 улиралд хасагдах бүст явж байсан Спурсыг 14-р байрт оруулахад тун сайн хувь нэмэрээ оруулсан юм. Улирал дуусч шинэ менежер Жорж Грэм ирсэнээр түүний ч орон зай багт үгүй болж ердөө хагас улирал тоглосны дараа Депортиво Алавес клубруу үнэгүй явсан юм.

• BLACKWOOD Anton. Арсеналын академиас хасагдсан баруун арыг авсан нь олон хүний дургүйцлийг хүргэж байсан шигээ шал дэмий зүйл байсан юм. Тэрээр нэг улирал үнэгүй бэлтгэл хийгээд хасагдсан юм. Магадгүй Хойд Лондоны 2 клубээс хамгийн богино хугацаанд хасагдсан түүхэн ганц тоглогч байх. Одоо тэрээр Харингей Броу хэмээх клубт тоглодог.

• BLONDEL Jonathan. Бельгийн 3-р дивизионы хэний ч мэдэхгүй клубээс 2002 оны зун нэгэн хүүг авсан нь тухайн үедээ гайхал төрүүлж байсан юм. Гэхдээ тэрээр хэд хоногийн өмнө Манчестер Юнайтед-д татгалзсан нь бас л сонирхолтой аж. Спурс-д ирсэн улирлынхаа нээлтийн тоглолтонд шууд дебютээ хийсэн нь 18 нас 150 хоногтой бичигдсэн юм. Гэвч маргааш нь үндсэн багаас нөөцийн багт шилжүүлсэн хүү өөрөө Бельгирүүгээ зээлээр явахыг хүссэн ч хуучин баг нь зээлээр авахаас татгалзсан аж. Бүтэн 1 жил 3-н сарын дараа ПЛ-ын 2 дахь тоглолтондоо сэлгээнээс оролцсон нь түүний хувьд ПЛ-ын хамгийн сүүлийн тоглолт нь байсан юм. 2004 оны өвөл Брюгге клубрүү зарагдсанаар 2015 он хүртэл тоглож байгаад гэмтлээс болж зодог тайлсан даруухан замналаар түүний түүх дуусна.

• BOATENG Kevin-Prince. Гана гаралтай хагас хамгаалагч маань Германд боловсролоо эзэмшиж Херта клубт тоглож байгаад 2007 оны зун Тоттенхэм клубтэй 4-н жилийн гэрээ байгуулж ирсэн юм. Спурс-д ердөө 14 тоглолт хийсэн тэрбээр Дортмунд клубруу зээлээр явж эцэст нь 2009 оны зун Портсмүтрүү 4 саяаар явсан билээ. Ghetto Kid хочит залуу одоогоор Сассуло клубт тоглож байна. Тэрээр дүүгийнхээ хэмжээнд хэзээ ч хүрч чадаагүй юм.

• BOOTH Andy. 2001 оны 01-р сард зээлээр Шеффилд Уэнсдэй клубээс ирээд 2 тоглолтонд гараанд гарч 2 тоглолтонд сэлгээнээс ороод яг нэг сарын дараа буцаад багруугаа явсан товчхон түүхтэй довтлогч. Мэдээж гоолдсон бол ядаж улирлаа дуусгах байсан биз.

• BOSTOCK John. Нэрнийх нь дунд “харамсалтай” хэмээх миддл нэр оруулчихмаар харамсалтай тоглогч. 5-н жилийг Спурс-д өнгөрүүлэхдээ УЕФА-ын 3-н тоглолт, Холбооны цомын 1 тоглолтонд оролцсон л намтартай. УЕФА-д Динамо Загреб клубын эсрэг 16 нас 295 өдөртэй дебютээ хийсэн нь албан ёсны тоглолтонд оролцсон клубын түүхэн дэх хамгийн залуу тоглогч болж түүнийг бичүүлсэн юм. Одоо ч энэ амжилт эвдэгдээгүй хэвээр. Харин лигийн тоглолтонд тэрээр харамсалтай нь оролцож чадаагүй бөгөөд 5-н клубт зээлээр тоглож байгаад 2013 оны зун Бельгийн Антверп клубруу шилжсэн юм. Одоо тэрбээр Францын Тулуз клубт бий.

• BOWDITCH Ben. Английн авъяаслаг гэгдэж байсан хүү. Английн U20 хүртэл насны шигшээн хамтаар 2003 онд ДАШТ-ын финалд үлдэж ирээдүйгээ нээсэн хүү U15, U16, U17, U19, U20 гээд нийт 5-н насныхаа бүх шигшээд тоглож байлаа. Харамсалтай нь дан ганц авъяасаар явдаггүйн тод жишээ. Залхуу хүүг Тоттенхэм 2004 онд багаас хассан юм. Одоо тэрээр 7-р түвшиний Поттерс Бар Таун хэмээх багт тоглож явна.

• BRADY Gary. Кельтүүдийн хүүхдийн сургуулиас гараагаа эхлэж Спурс-д 15 насандаа том зорилго өвөртөлж ирсэн хүү 17 насандаа үндсэн багт багтсан ч нөөцийн багаас нээх хэтрээгүй аж. 22 нас хүртлээ 5-н жил Спурс-д данстай явахдаа лигийн 9-н тоглолт, цомын 2 тоглолтонд л оролцсон түүхтэй. Харин хаа очиж явахдаа 650,000 клубтэй нэмрэлчихээд Шаазгайнуудруу шилжсэн байдаг. Түүний замнал аажим унасаар нутгийн клуб болох Бречин Сити-д 2013 онд зодог тайлсан юм.

• BROWN Michael. Сити клубын академиас гараагаа эхлэсэн хагас хамгаалагч залуу замналдаа 11 клубт тоглосны нэг нь Спурс байлаа. Тэрээр 2004-06 онд 2 улирал буугаад мордсон юм. Ингэхдээ 64 тоглолтонд 3 гоол оруулсан билээ. Түүнийг Шеффилд Юнайтедаас 500,000 авч эргүүлээд 2 жилийн дараа 1.7 саяаар Фүлхэм-д өгсөн юм. Тийм муу байгаагүй ч түүнд үнэндээ Edgar Davids, Hossam Ghaly, Danny Murphy, Michael Carrick, Jermaine Jenas нарын араас талбайд гарна гэдэг үлгэр байсан юм. Одоо тэрээр ажилгүй яваа.

• BUNJEVCEVIC Goran. Серби хэлээрээ Горан Буњевчевић хэмээн бичигдэж дуудагддаг залууг нутгийн Белградын Улаан Од клубээс нь 2001 оны зун авч ирж байлаа. Эхний улиралдаа найдлага хүлээлгэж байсан ч гэмтэл бэртлээс болж нэг их тоглоогүй залуу цөөн хэдэн цомын тэмцээнд оролцсон юм. Хэл усаар ч ойлголцодгүй байлаа. Харамсалтай нь бэртэл гэмтлээс дахин гэмтлийн хооронд формоо ололгүй цөөн хэдэн тоглолтонд оролцодог жишиг тогтсоор 5-н жилийг өнгөрүүлсэн юм. Ингээд түүнийг арга буюу 2006 онд багаас хассан билээ. Тэрээр хасагдаад Недерландад нэг жил тоглоод зодог тайлсан юм. Одоо тэрбээр Сербийнхээ хөлбөмбөгийн холбоонд спортын захирлын алба хашиж байна.

• BURCH Rob. 10 настайгаасаа хөлбөмбөгтэй холбогдсон хаалгач хүү 17 насандаа Спурсын академид ирж суралцах болжээ. Мэргэжлийн гэрээгээ хийх хүртэл 2 жилийн турш бэлтгэлтэй өдөр бүр нь түүнийг аав нь 160миль зайтаа орших гэрээсээ машинаараа хүргэж өгч, буцаж авдаг байсан юм. 2002 онд мэргэжлийн гэрээгээ клубтэйгээ байгуулсан юм. Харамсалтай нь түүнд орон зай байгаагүй бөгөөд зээлээр явахаас хэтрэхгүй байлаа. Зээлээр явахдаа дээд тал нь 6-н тоглолтонд оролцож байсан гэхээр түүний чадвар хангалттай өсөхгүй байсны илэрхийлэл. Ингээд 2007 онд клуб түүнийг багаас хассан билээ. Одоо тэрээр зодог тайлсан бөгөөд ажилгүй байгаа.

• BUTCHER Lee. Мөн л 10 наснаасаа хөлбөмбөгт хөл тавьсан хаалгач хүү. Арсеналын академиас хасагдаад Уатфордод шалгуулж явахдаа Спурсын хараанд өртөж элссэн байдаг. Нэг жил академид суралцаад 20 насандаа шууд мэргэжлийн гэрээгээ хийсэн залуу хаалгач 7-н клуб-т хоёрхон жилийн дотор зээлээр явж байгаад багаас хасагдсан юм. Спурсын алдаатай л шийдвэр юм даа. Одоо тэрээр хагас мэргэжлийн лигийн Тилбури хэмээх багт данстай яваа. Данстай хэмээсний учир дөнгөж 29 хөн настай залуу ядаж эндээ сэлгээнд суудаг гэхээр л…….

• BUTTON David. Анх 14 насандаа Тоттенхэмийн академид элсэж суралцсан хаалгач хүү 5-н жилийн дараа мэргэжлийн анхны гэрээгээ багтайгаа байгуулж байлаа. Гэвч яг л BUTCHER-ын адил 4-н жилийн хугацаанд 13 клут зээлээр тоглож яваад 2012 онд Чарьлтон клубт 500к-аар зарагдсан юм. Түүнийг ямар сайндаа л “АЯЛАГЧ” хэмээн хочилж байхав дээ. Гэхдээ дээрх 2 хаалгачаа бодвол илүү их хөдөлмөрлөсний улмаас сайжирч багаас хасагдалгүй зарагдаж чадсан аж. Тиймдээ ч одоо ПЛ-ын Брайтон энд Хөүв Альбион клубт тоглож буй.

Зураг